АНУ-ын Элчин сайдын яамнаас ном хандивлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Хөрөнгө
оруулалтын чуулга уулзалтыг аймагтаа анх удаа зохион байгуулснаар багагүй
хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг аймагтаа татаад байгаа билээ. Өнөөдөр аймгийн Засаг
дарга Ш.Оргил АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзан, хамтын
ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Өнгөрсөн хичээлийн жилд АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр Сүхбаатар сумын “Бор гүвээ” 5 дугаар багт 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байгаа. Энэхүү цэцэрлэг нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлсэн, дэлхийн стандартад нийцсэн гэдгээрээ онцлогтой. Энэ өдөр тус цэцэрлэгт хүмүүжих бяцхан хүүхдүүдэд АНУ-ын Элчин сайдын яамнаас номын хандивыг үзүүлж хичээл сургалтын хэрэглэгдэхүүнийг нь нэмэгдүүллээ. Мөн цэцэрлэгийн захиргаанд хэрэгтэй байгаа ном сурах бичгийн жагсаалтаа гаргаад өгвөл бид бүхэн та нарт олж өгөх боломжтой хэмээн хэллээ. Нийгмийн салбарт оруулсан энэхүү хөрөнгө оруулалтыг цааш үргэлжлүүлж өөр цэцэрлэг, бага сургууль ч барьж байгуулах боломжтой, сайхан цаг удахгүй ирж бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн төлөөлөгчид хэлж байв.










