Г.Мөнхзул: Тусламж авахыг хүссэн бүх хүнд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхийг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-20 10:12:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 19-нд “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” тохиодог. Үүнтэй холбогдуулан Есөнбулаг сумын “Жаргалан-Алтай” ӨЭМТ-ийн эрхлэгч эмч Г.Мөнхзултай ажил мэргэжлийнх нь талаар ярилцлаа.


-Дэлхийн өрхийн эмч нарын өдөр тохиож байна. Өрхийн эмчээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би анх 2008 онд ЭМШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд өрхийн эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэгээс жил бүрийн тавдугаар сарын 19-нийг Дэлхийн өрхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Манай оронд 2012 оны Эрүүл мэндийн Сайдын 153 тоот тушаалаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жил "Ирээдүйг - Өрхийн эмч нартайгаа бүтээцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

-Эмчийн мэргэжил тэр тусмаа өрхийн эмчээр ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

-Өрхийн эмчийн сайхан нь дөнгөж төрсөн нярай хүүхдээс 80 настай хөгшид хүртэл өрх гэрийн бүх хүмүүсийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж хичээдгээрээ бусдаас арай содон онцлогтой байдаг. Хүн бүрийг мэддэг, хэнийг ч орхигдуулалгүй үзэж, эмчилж, өрхийн эмчийн тусламжаас давсан тохиолдол бүрийг лавлагаа шатлалын эмнэлгийн эмч нартайгаа хамтран асуудлыг шийдвэрлэдэг болохоор өрхийн эмч гэдэг өргөн мэдлэгтэй, дадлага туршлагатай байх ёстой болов уу гэж миний хувьд боддог.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Шантрах үе тохиолддог уу?

-Өглөө 08:50 ажил эхэлдэг. Сүүлийн өдрүүдэд "Ковид-19" цар тахалтай холбоотой зарим өглөө 07:00 цагт ажлаа эхлүүлж байна. Нярай хүүхдийн товлолын вакцин, жирэмсэн эхчүүдийн хяналт, амбулаторийн үзлэг, яаралтай гэрийн дуудлага, 2 сар хүртэлх хүүхдийн гэрийн эргэлт, эмийн үнийн хөнгөлөлтийн жор бичих, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, тайлан мэдээ гээд л ажлын өдөр үргэлжилдэг дээ.

"Ковид-19" цар тахлын үед ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Шантрах үе байлгүй л яахав. Ажлын ачааллыг минь харсаар, мэдсээр байж ойлгохгүй зэмлэх тийм үед хамгийн ихээр шантардаг. Нэг үеийн, нэг төгсөлтийн эмч нар маань: -"Чи өрхийн эмнэлэгт ажиллаж яах гэсэн юм бэ хэрэггүй. Нарийн мэргэжлээрээ ажилла” гэж ятгах үе олон байсан. Гэсэн ч би өрхийн эмч мэргэжилдээ дуртай, хайртай. Хийсэн ажлаа бахархан ярих бүр ч сайхан байдаг шүү.

-Есөнбулаг сумын Баянхайрхан, Индэрт, Жинст баг жил ирэх тусам тэлж хүн ам нэмэгдэх болсон. Үүнийг дагаад өрхийн эмнэлгийн ачаалал бас нэмэгдэж байгаа юу? 

-Анх өрхийн эмчээр томилогдоод ирж байх үеийг бодоход үйлчлэх хүрээ, хүн ам асар хурдтай нэмэгдэж байна. 13 жилийн өмнө 3500 хүрэхтэй үгүйтэй хүн амд үйлчилж байсан бол одоо 7000 орчим хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өдрийн ачаалал дунджаар 60–110 орчим хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Зарим үед үүнээс ч их хүнд үйлчлэх тохиолдол гардаг. Өнгөрсөн 7 хоногт гэхэд л коронавиусний эсрэг дархлаажуулалтын үеэр өдөрт 990 хүнд үзлэг хийж вакцинд хамруулсан. 

-“Жаргалан-Алтай” өрхийн эмнэлэг хэдэн эмч, сувилагчтай вэ? Бүх иргэндээ хүрэлцдэг үү?

-Манай өрхийн эмнэлэг 4 эмч, 4 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Стандартад заагдсан орон тоогоор үйл ажиллагаа явуулахад илүү их анхаарч ажиллаж байгаа. Ер нь л тусламж авахыг хүссэн бүх хүнд л эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.

-Өрхийн эрүүл мэндийн төвд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь юу вэ?

-Нэг үеийг бодоход саад бэрхшээл бага багаар шийдэгдэж байгаад баяртай байдаг. Цаг үеэ дагаад иргэдийн эрүүл мэндийн боловсрол чамгүй сайн дээшилсэн байна. Эмнэлэгт хэзээ хандах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаа алдалгүй авахад их анхаардаг болжээ. Анх эмч болоод ирж байхад гэртээ халууны шилгүй хүүхдээ халуурч буйг мэддэггүй л дуудлага дууддаг байлаа, тэгвэл одоо хүүхэд халуурч байна, халуунаа үзсэн ямар шалтгаанаар халуурч байгааг нь тодруулах гэж эмчид үзүүлмээр байна гэж ханддаг болсон байна шүү дээ энэ бол том амжилт. 

-Ярилцлагынхаа төгсгөлд Өрхийн эмчийн гол зорилго, ажлын чиглэл юу юм бэ гэдгийг товчхон танилцуулна уу?

-Өрхийн эмчийн ажлын хамгийн гол зүйл зорилго бол гэр бүлийн гишүүдийг аливаа өвчин эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг тасралтгүй олгох, өвчин хүндрэхээс хамгаалж эмнэлэгт хугацаа алдахгүй хандахад нь чиглүүлж хэнийг ч орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино гэж цөөн үгээр тодорхойлж болно. Үүрэгт ажилдаа цаг наргүй зүтгэж, өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр хандан, аюулт цар тахлын эсрэг хамтран ажиллаж буй та бүхэндээ Дэлхийн өрхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе. 

-Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.


相关新闻