Бизнес эрхлэгчид эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчид нэгдэн аймгийн Онцгой комисст 3.155.000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бизнес эрхлэгчдийн холбооноос зарласан хандивын аянд 50 иргэн нэгдэж ийнхүү үүсээд буй нөхцөл байдлын үед нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг аймгийн Онцгой комисст хандивлалаа.
-“Ковид-19 цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор тус хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд “Их цэнхэр” ХХК-ийн хамт олон /1.300.000 төгрөг/ болон хувь хүмүүс дэмжлэг үзүүлснээр нийт 3.155.000 төгрөг цуглав. Хандивын багцад хүчилтөрөгчийн суурин аппарат-1 /1.800.000 төгрөг/, иж бүрэн тоноглолтой хүчил төрөгчийн зөөврийн аппарат-1 /1.105.000 төгрөг/, нэг удаагийн амны хаалт 2500 ширхэг /250.000 төгрөг/ багтсан” хэмээн аймгийн Бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээллээ.