Оны эцэс гэхэд африкчуудын 40 хувийг вакцинжуулах зорилт тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /AFP/. Африкийн орнуудын эдийн засгийг санхүүжүүлэх олон улсын бага хуралд оролцогчид энэ оны эцэс гэхэд тус тивийн нийт хүн амын дор хаяж 40 хувийг коронавирусний вакцинд хамруулах зорилт тавьжээ.
Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мягмар гарагт болсон уг бага хурлын дараа мэдэгдсэн байна.
"Оны эцэс гэхэд африкчуудын дор хаяж 40 хувьд коронавирусний вакцин хийх шаардлагатай байна. Африкийн орнуудад вакцинжуулалт удаан явагдаж байгаа бөгөөд тус тивд зориулж вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай байна” гэж тэрбээр мэдэгджээ. "Цар тахал Африк тивийн хувьд эрүүл ахуй, эдийн засгийн цочрол болсон бөгөөд үр дагавар нь ойрын жилүүдэд мэдрэгдэнэ" гэж Макрон онцлон тэмдэглэсэн байна.
Бага хуралд оролцогчид мөн коронавирусний патентыг цуцлахыг Барууны орнуудад уриалсан байна. "Бид технологийг дамжуулах, вакцины үйлдвэрлэлд саад болж буй оюуны өмчийн бүх хязгаарлалтыг арилгах олон улсын байгууллагуудын уриалгыг дэмжиж байна. Энэ нь ялангуяа Африк тивд коронавирусний шинэ омгуудтай тэмцэхэд маш чухал юм" гэж Макрон мэдэгдсэн байна.
"Вакцинжуулалтын цогц стратегигүйгээр Африкийн эдийн засгийг сэргээх боломжгүй бөгөөд эдийн засгийн тусламж үзүүлэхэд шинэ чиглэл хэрэгтэй байгааг" Францын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Уулзалтад оролцогчид "Олон улсын валютын сангийн зээлжих тусгай эрхээс намар гэхэд 100 тэрбум ам.долларыг Африкийн хэрэгцээнд шилжүүлэхийн тулд эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын зөвшөөрлийг авахаар тохиролцсон байна.
Францын Парис хотноо болсон уг бага хуралд Ангол, Буркина Фасо, Гана, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Кот д'Ивуар, Мали, Нигери, Руанда болон бусад хэд хэдэн орны тэргүүн нар мөн НҮБ, Африкийн холбоо, Дэлхийн банк, Европын Комиссын удирдагчид оролцсон байна. Уулзалтад оролцогчид Африкийн эдийн засгийг өсгөх шинэ мөчлөгийн суурийг бий болгох урт хугацааны зорилт тавьжээ.