Мароккогоос олон мянган цагаач Испанийн боомт хот руу нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-19 10:57:15

ЛОНДОН. /BBC/. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Мароккогоос Африкийн хойд эрэгт орших Испанийн Сеут анклав руу /тал талаасаа бусдын нутгаар хүрээлэгдсэн газар нутаг/ хамгийн багадаа 8 мянган дүрвэгч давалгаалан орж иржээ. Хоёрхон өдрийн дотор ийм тооны дүрвэгч шилжилт хөдөлгөөн хийж байсан тохиолдол Сеутад өмнө нь гарч байгаагүй аж. Хямралыг таслан зогсоохын тулд хилийн хамгаалалт руу цэргийнхнийг илгээжээ.


Испанийн эрх баригчдын мэдэгдсэнээр, өсвөр насны 500 орчим хүүхэд усан хилийг гаталж, ус татрах үеэр хуурай газарт хүрч чаджээ.


Үүнтэй холбоотойгоор Испани 4 мянга орчим дүрвэгчийг нутаг буцаагаад байгаа ч насанд хүрээгүй хүүхдүүдийг албадан гаргаж чадаагүй байна. 


Испанийн Сеут, Мелилья анклавууд Африкийн дүрвэгсдийг соронзон мэт татдаг. Тийнхүү хил хамгаалагчдад туслахын тулд цэргийнхнийг явуулжээ.


Сеутэд оршин суудаг 80 мянга орчим хүний 1100 нь хилчид байдаг. Энэхүү отрядын хүчийг 400 цэрэг, цагдаагийн ажилтнуудаар бэхжүүлж байна гэж Испанийн Гадаад хэргийн сайд Фернандо Гранде-Марласки мэдэгдсэн байна.


Хилийн Фридек хотод Мароккогийн аюулгүй байдлын албаны ажилтнууд хилийн дагуух хашааны ойр хавьд цугларсан цагаачдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүйд хүрчээ.


Үүнтэй холбоотойгоор Африкт санхүүгийн тусламж үзүүлэх асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байсан Испанийн Ерөнхий сайд Педро Санчес айлчлалаа цуцалж, Сеут дахь хямралыг зохицуулах шаардлагатай болжээ. Анклавт хэв журам сахиулахын тулд дээд зэргээр хатуу арга хэмжээ авахаа тэрбээр мэдэгдсэн байна.


Хамгаалалтгүй хил

Испанийн Мелилья хотод хилийн хамгаалалтыг сайн босгосон тул аюулгүй байдлын албаныхан хилчид рүү чулуу нүүлгэсэн хэдэн зуун цагаачийг барьж чаджээ.


Испанийн албан тушаалтнуудын мэдэгдсэнээр, тэдэнд Мароккогийн хил хамгаалагчид мөн тусламж үзүүлжээ.


Харин Сеутэд нөхцөл байдал өөр байжээ. Тэнд Мароккогийн хил хамгаалагчид Испанийн анклавтай залгаа хилийг давж буй цагаачдыг хүлцэнгүй ажиглан зогсож байсан аж.


Цагаачдын дийлэнх нь залуу хүмүүс байсан ч тэдний дунд гэр бүлийн гишүүдээ дагуулан явсан хүмүүс ч байжээ. Олон цагаач хийлдэг завь, аврах цагираг ашигласан байна. 


Сеут, Мелилья зэрэг анклав нь 17-р зуунаас хойш Испанийн мэдэлд байжээ. Зөвхөн эдгээр боомт хот нь Европ, Африк хоорондын хуурай замын хилийн цэгүүдийн үүргийг гүйцэтгэдэг аж. Энэ хотууд нь эх газрын Испанийн зарим бүс нутгийн адил хагас автономит статустай юм.

相关新闻