Мал бүхий иргэдийг хотын суурьшлын бүсээс гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд малтай 17 өрх байна. Эдгээр өрхүүдийг ирэх зургадугаар сарын нэгний өдрийн дотор хотын суурьшлын бүсээс гаргах талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ.
2017 онд Чингис хотын төвийн суурьшлын бүсэд мал, гахай бүхий 58 өрх байсан бол 2018-2020 онд Хэрлэн сумын Засаг даргын шийдвэрээр 43 өрхийн 450 гаруй үхэр, 200 гаруй хонь, ямаа, 165 гахайг төвийн суурьшлын бүсээс гаргасан.
Хэрлэн сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хотын соёл Цэвэр хот” хөтөлбөрийн хүрээнд Чингис хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд "зэрлэг биш зүлэг" ургуулах томоохон ажлыг санаачлан албан байгууллагуудыг идэвхжүүлэн өрнүүлж эхэлсэн. Мөн “Хашаандаа сайхан амьдаръя” уриалга гаргаж өрх бүр мод тарих, цэвэр цэмцгэр тохилог эко орчинд амьдрах талаар аян зарлаж, цахим сургалтуудыг ч зохион байгуулсаар байна.
Иймээс Чингис хотод олны хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл гарган хийж буй нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хариулгагүй малыг суурьшлын бүсээс гаргах ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.