“COVAX” механизмыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-04 14:38:00

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний цар тахлыг зогсоохын тулд дэлхий дахинд вакцинжуулалтын аян үргэлжилж байна.


Үүнтэй холбоотойгоор коронавирусний вакциныг баян чинээлэг, ядуу буурай орнуудын аль алинд шударга хуваарилах зорилготой “COVAX” олон улсын механизм хэрэгжиж буй хэдий ч улс орнуудад хуваарилалт жигд бус хэвээр байна.


Одоогоор коронавирусний нийт 49 сая тун вакциныг “Covax” механизмын хүрээнд нийлүүлээд байна. Гэсэн ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесусын мэдэгдсэнээр, насанд хүрсэн хүмүүсийн дийлэнхийг нь дархлаажуулахад дахин 35-45 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа аж.


ДЭМБ-ын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвслийн /CEPI/ хамтран хэрэгжүүлж буй “Covax” механизмд НҮБ-ын Хүүхдийн сан гол түншээр оролцож байгаа юм.


Коронавирусний цар тахал нь дэлхий даяар гурван сая гаруй хүний амийг авч одсон. Коронавирусний халдварт өвчинтэй хийх тэмцэл нь олон улсын шинжтэй байх ёстой гэдгийг ДЭМБ-ын тэргүүн зэрэг шинжээчид тодорхой ойлгуулж, нөхцөл байдлыг хяналтандаа авахад нь туслахын тулд илүү ихийг хийх шаардлагатайг чинээлэг орнуудад уриалсан юм. Иймд вакцинжуулалтын салбарт дэлхий нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, илүү чинээлэг орнууд нь буурай орнуудын вакцины зардлыг даах замаар вакциныг шударгаар хуваарилах зорилготой “Covax” механизм бий болсон юм.

 

相关新闻