Махны хүрэлцээ багасч, үнэ нэмэгдсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт коронавирусний халдварын тохиолдол батлагдаж тэг зогсолт хийсэн. Үүнтэй холбоотойгоор зах, худалдааны төвүүд ажиллахгүйн улмаас махны хүрэлцээ багасч, үнэ нэмэгдсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар иргэдэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, мах, өвс тэжээл, түлээ нүүрс, жимс, хүнсний ногоо зэргийг дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд хүргэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгожээ. Гэвч Есөнбулаг сумын хэмжээнд хоёр нь л махны түгээлтийн үйлчилгээ хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хонины нөөцийн махыг гулуузаар нь авбал нэг кг нь 10500, жижиглэнгээр 11000, шинэ хонины мах нэг кг нь 12000-13000, ямааны мах 8000-9000, тэмээний мах ястай нь 6000, шулаа нь 8000, гэдэс 8000, толгой 1000 төгрөгөөр иргэдийн гарт хүрч байна.
Иргэд: “Хөл хорио тогтоохоос өмнө Засгийн газраас иргэн бүрт бэлэн мөнгө өгсөнтэй зэрэгцээд махны үнэ нэмэгдсэн. Одоо бүр олдохоо ч байлаа. Авъя гээд захиалгаа өгөх гэхээр дууссан, маргааш, нөгөөдөр гэж хойшлуулж байна. Арай хямд гээд нөөцийн мах авах гэтэл сонголт байхгүй ямаа, тэмээний мах л байна. Энэ байдлаараа үргэлжилбэл хоолгүй ч хонож мэдэхээр байна” гэлээ.
Харин аймгийн Онцгой комиссоос: “Махны хомсдол үүсгэхгүйн тулд сумдаас ирж буй мал, махыг ямар нэгэн хүндрэл чирэгдэл үүсгэлгүйгээр аймаг руу шууд нэвтрүүлнэ. Махны үнийг тогтмол байлгах чиглэлийг зөвшөөрөлтэй худалдаа эрхлэгчдэд үүрэг болгосон” гэв.