Хулгайн замаар ирсэн 33 иргэнийг тусгаарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ “Хаалт-хяналт” арга хэмжээний хүрээнд хулгайн замаар ирсэн долоон тээврийн хэрэгслийг илрүүлэв.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед маршрутын бус / хулгайн, шороон замаар/ Улаанбаатараас Даланзадгад руу нэвтэрч ирсэн 7 автомашинтай 33 иргэнийг саатуулан шалгаж байна. Цогт-Овоо сумын постыг тойрон маршрутын бус замаар Даланзадгад суманд 4-р сарын 19-ний өдөр ирсэн эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлжээ.
Энэ үеэр зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргасан байна. Зөвшөөрөлгүй зорчин ирсэн 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаа гэж мэдээллээ. 7 тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэнийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан, аймгийн Эрүүл мэндийг газраас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд "Хаалт-хяналт" арга хэмжээг зохион байгуулж байна.