Өндөр гэгээний соёлын өв залгамжлагчийг хоёр дахь удаагаа шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-16 16:33:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өндөр гэгээний соёлын өв - 2021” шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах уралдааныг аймгийн Засаг даргын ивээл дор зарлаад байна.

 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 18-ны хооронд хоёр үе шаттай зохион байгуулах тус уралдаанд  уран зураг, монгол зураг, уран хатгамал, арьсан болон эсгий урлал, баримал, уран дархан, сийлбэр, өв уламжлагч, орчин үеийн урлаг гэсэн төрлүүдээр оролцож болох бөгөөд “Соёлын Өв-Хөгжлийн дархлаа” цахим хуудсанд байршуулж, олон нийтэд бүтээлээ танилцуулах юм.

I шатнаас төрөл тус бүрт таваас доошгүй бүтээлийг шалгаруулан биет хэлбэрээр хүлээн авч, Есөнзүйл сумын “Бурхан бумбын орон” уран зургийн галерей, аймгийн музейн Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит үзэсгэлэнгийн танхимд 2021 оны 07-р сарын 14-18-ны өдрүүдэд тавих аж.

Эндээс шилдэг бүтээлийн эцсийн шалгаруулалтыг хийх бөгөөд шилдгийн шилдэг бүтээлд Өндөр гэгээний дэг сургуулиар бүтээсэн “Урлагийн тэнгэр Янжинлхам” гангар шаазан цом болон хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаан нь нь Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, соёлын томоохон эвент болгох замаар аймгаа сурталчлах зорилготой ажээ.

 

相关新闻