“EgyptAir”-ийн сүйрсэн онгоцны эх биеийн хэлтэрхийг олж илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /АР/. Өнгөрсөн сард Газар Дундын тэнгисийн дээгүүр нисч байхдаа сураггүй болсон “EgyptAir” компанийн нисэх онгоцны сэг олдсон гэж Египетиийн мөрдөн шинжээчид мэдэгдлээ.
Тэд мэдэгдэхдээ “хэд хэдэн байршилд нисэх онгоцны эх биеийн хэлтэрхийнүүд байгааг олж тогтоосон” гээд “далайн гүнд эрэл хайгуул хийж байсан хөлөг онгоцыг нисэх онгоцны сэг илэрсэн газар руу явууллаа” гэв.
Тавдугаар сарын 19-нд Парисаас Каир руу нисч явахдаа осолдсон “MS804” аяллын дугаартай нислэгийн онгоцонд 66 хүн сууж явсан юм.
“Airbus A320” нисэх онгоц ослын дохио өгөлгүйгээр Грек болон Египетийн газрын албадын радарын дэлгэцэнд үзэгдэхгүй болсон билээ.
“Хар хайрцаг” буюу нислэгийн мэдээлэл бичигч төхөөрөмжүүдийн нэгнээс өгсөн дохиолол өгсөн гэж энэ сарын эхээр эрлийн багийнхан мэдэгдэж байсан юм.
Уг төхөөрөмж 6 дугаар сарын 24 гэхэд дохиолол өгөх боломжгүй болно гэдгийг шинжээчид хэлж байна.
Ослын шалтгаан өнөө хэр нь нууц хэвээр байна.
Хэт давруу үзэлтнүүдийн ямар нэгэн бүлэглэл уг онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдээгүй учир онгоц террорист халдлагад өртсөн байх магадлал бага байгаа юм.
Хүний буруутай үйлдэл эсвэл техникийн саатлын улмаас онгоц сүйрсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Грекийн мөрдөн шинжээчдийн хэлснээр, уг нисэх онгоц радарын дэлгэцнээс алга болохынхоо өмнө зүүн гар тийш 90 градус, дараа нь баруун гар тийш 360 градус эргэж, эхлээд 11 300 метрээс 4600 метрт, дараа нь 3000 метрт хүртэл өндрөө алджээ.
Г.Доржханд