ОУШХБ:Өнгөрсөн 20 жилд 60 мянган дүрвэгч амиа алдсан болон сураггүй алга болсон
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /VOA/. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын мэдэгдсэнээр, сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн багаар тооцоход 60 мянган дүрвэгч далай тэнгис болон эх газарт амиа алдсан эсвэл ор сураггүй алга болсон байна.
Тус байгууллагын хийсэн дүгнэлтээр, энэ тоо өсөх магадлалтай байна. Учир нь маш олон тооны цогцос олдоогүй байгаа бөгөөд олдсон ч хэнийх гэдгийг нь тодорхойлох аргагүй байгаа юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Газар Дундын тэнгисийн бүс нутагт амиа алдсан байна.
ОУШХБ-ын тооцоолсноор, зөвхөн 2015 онд гэхэд дэлхийн хэмжээнд 5400 орчим дүрвэгч нас барсан эсвэл алга болсон гэж бүртгэгджээ. Энэ онд дэлхийн хэмжээнд 3400 гаруй дүрвэгч амиа алдсан байна. Тус байгууллагын дэргэдэх Дэлхий даяарх шилжин суурьшилтын талаарх мэдээллийн дүн шинжилгээний төвийн захирал Франк Лакзо-гийн хэлснээр, амиа алдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь далай тэнгис гатлан Европт хүрэх гэж байгаад осолдсон хүмүүс юм.
“Энэ онд Газар Дундын тэнгисийг гатлах үедээ амиа алдсан хүмүүсийн тоо 23 хүн тутамд 1 хүн байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэсэн баримт юм” гэж тэрбээр дурдлаа.
Дүрвэгсэд Европ руу хууль ёсоор цагаачлах явдлыг баталгаажуулах үүднээс Турк улс болон Европын Холбооны хооронд байгуулсан хэлэлцээр нь дүрвэгсдийн урсгалыг Туркээс Грек рүү чиглүүлсэн юм. Ихэнх цагаачид Ливиэс Италид хүрэхийн тулд маш их эрсдэл дундуур далайг гаталж байна.
Лакзо-гийн хэлснээр, Газар Дундын тэнгисийг гатлахаар оролдож буй хүмүүсийн тоо төсөөлж байсантай харьцуулахад төдийлөн ихээр нэмэгдээгүй ажээ.
Түүнээс Ирак, Афганистан болон Сириэс ирж буй хүмүүсийн тоо ч мөн адил төдийлөн ихээр өсөөгүй байна.
Х.Сарнай