АСЕАН-ы орнууд Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд санаа зовниж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИНГАПУР. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбооны /АСЕАН/ Гадаад хэргийн сайд нар Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд маш их санаа зовниж байгаагаа БНХАУ-д илэрхийллээ.
АСЕАН-ы 10 орон болон Хятадын Гадаад хэргийн сайд нар мягмар гарагт Хятадын Юнань мужийн Юйши хотод уулзжээ. Өмнөд Хятадын тэнгист үүссэн өнөөгийн нөхцөл байдал уулзалтын гол сэдэв байлаа. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан хэлэхдээ “тус бүс нутгийн асуудалд АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нар ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн” гэжээ.
Гадаад хэргийн сайд нар маргаантай арлууд дээр Хятад улс цэргийн зориулалттай байгууламжууд барьж буй талаар санал бодлоо хуваалцжээ. Сингапурын сайд хэлэхдээ "олон улсын хууль журмын хүрээнд агаарын болон усан замын эрх чөлөөг бүгд хүндэтгэн, маргааныг тайван замаар шийдвэрлэхийн чухлыг" онцолсон байна. Тэрбээр энэ удаагийн уулзалтыг Хятадын Гадаад хэргийн сайд Ванг И-гийн хамт даргалах юм.
Хятадын хувьд, Өмнөд Хятадын тэнгист үүссэн асуудлыг Хятад болон АСЕАН-ы хооронд бус харин маргаанд холбогдож буй талуудын хооронд яриа хэлэлцээ замаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.
Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин, Бруней, Вьетнам, Камбож, Лаос болон Мьянмар гэсэн 10 орон АСЕАН-ы бүрэлдэхүүнд багтдаг. АСЕАН нь эдийн засаг, нийгэм, соёлын болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, Зүүн Өмнөд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой юм.
Х.Сарнай