Арвайхээр, Хархорин сумын цахилгааны шугам сүлжээг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр Арвайхээр, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж эхэллээ.
Уг ажлыг гүйцэтгэхээр “Ричвелл инженеринг” ХХК-ийн ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга А.Ишдорж ажлын багтай санал солилцож, орон нутгийн иргэдээс ажлын байраа хангах, хот хоорондын тээвэрлэлтийг аймгийн тээврийн хэрэгслүүдээр татах хүсэлтийг тавилаа. Мөн уг ажлыг гүйцэтгэхэд аймгаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас хариуцан ажилладаг 1534 км цахилгааны шугам сүлжээ нь анх 1984 онд ашиглалтад орсон учраас гэмтэл гарах, түгээлтийн алдагдалд орох бэрхшээл багагүй тулгардаг. Тиймээс “Эрчим хүчний төсөл-2”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжинд дээрх хоёр сумын хэмжээнд 10/0.4 кВ-ын шугам сүлжээг сайжруулах, шонгийн модон тулгуурыг байгальд ээлтэй төмөр бетонон тулгуураар солих, айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, СИП бүрээстэй утас татах ажлыг эхлүүлэхээр болж байна.