Төрийн байгууллагууд өнөөдрөөс ажилтнуудынхаа 5-10 хувийг ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 894 хүн PCR шинжилгээ өгснөөс 10 иргэн коронавирусний халдвар авсан болох нь батлагдлаа.
Байршлын хувьд Бүрд сумаас 4, Хужирт сумаас 4, Хархорин сумаас 2 тохиолдол бүртгэгдсэн ба аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 91 боллоо.
Дээрх 10 тохиолдлыг голомтын эх үүсвэрээр авч үзвэл 6 нь Хужирт сумаас, 4 нь Бүрд сумаас эх үүсвэртэй. БОЭТ-д 13 хүн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 1, хөнгөн 12, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 11 хүн эмчлүүлж байгаагаас бүгд биеийн байдал хөнгөн, Хужирт сумын тусгаарлан эмчлэх байранд 63 хүн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 3, хөнгөн 60 байгаа аж.
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Нарийнтээл, Хужирт, Бат-Өлзий, Бүрд сум дахь шалган нэвтрүүлэх байнгын хяналтын цэг, Тарны нэгдсэн хяналтын цэгт 117 алба хаагч, аймаг, сум доторхи 48 цэгт 129 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрөөс эхлэн Арвайхээр сумын хэмжээнд төрийн байгууллага, үүрэн телефонууд, банкууд цагийн хязгаарлалтын дагуу нийт ажилтныхаа 5-10 хувийг ажиллуулж эхлээд байна. Үйлчилгээ авахыг хүссэн иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр цахим бүртгэлд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.