Үндэсний бичгийн цахим сургалт давалгаалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн
шийдвэрээр Ардын багш Д.Төмөр үндэсний бичиг зааж сургах цахим хичээлээ
эхэлснээс хойш 1,5 сарын хугацаа өнгөрч, суралцагсаддаа 11 дэх хичээлээ хүргээд
байна.
Аймгийн БСУГ-аас цахим хичээлийн ач холбогдол, үр дүнг
сайжруулахын тулд олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, хэлний
бодлогын зөвлөлөөс удирдамж боловсруулж, монгол хэлний багш нартайгаа
хамтран танхимын сургалт давхар зохион байгуулж байгаа аж.
Ингэснээр суралцагсдын идэвх чармайлт сайжирч, төрийн
албан хаагчид хичээлээ маш идэвхтэй үзэж, суралцаж байгааг БСУГ-ын мэргэжилтэн Л.Мөнхзул
онцолж байна.
Тодруулбал, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс “Үндэсний
бичгийн олон талт арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамжийг батлан гаргаж”,
энэхүү ажлын хүрээнд сумаараа, байгууллагаараа “Үндэсний бичигтэн” болохын
төлөө ажиллахад түлхэц өгсөн идэвхжүүлэх олон үйл ажиллагааг тусгасан нь үр
дүнгээ өгч эхэлсэн байна.
Удирдамжид тусгасан олон ажлуудыг энэ оны 12 дугаар сарын
25-ныг хүртэл амжилттай зохион байгуулж, бусдыгаа хошуучилсан сум, байгууллага,
төрийн албан хаагч, иргэн, сургалт зохион байгуулсан багш нарыг шалгаруулж, урамшуулах
ажээ.
Үндэсний бичгээр унших, бичих чадварыг нэмэгдүүлэх ажлын
хүрээнд сум байгууллага бүр албан хаагчдаасаа үндэсний бичгийн мэдлэгийн
гарааны судалгаа авч, улирал бүр ахицыг нь үнэлж, ахицын түвшингээр үр дүнгийн
урамшуулал олгодог байх, гудамж хороо, байгууллагын хаяг, самбарыг крилл болон монгол
бичгээр хослуулан бичих, нэрийн хуудас, албан бичгийн хавтас зэргийг монгол
бичгээр хаяглах олон ажлуудыг гүйцэтгэсэн байх ёстой юм.
Төрийн албан хаагчид иргэд Ардын багш Д.Төмөрийн зохион
байгуулж буй Үндэсний бичгийн цахим сургалт, Насан туршийн боловсролын төв,
нэгжээр зохион байгуулж байгаа танхимын сургалтуудад хамрагдаж, даалгавраа
чанартай хийж гүйцэтгэн чадвараа нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын дунд зохион
байгуулах “Их сорилго”-д оролцсоноор өөрийгөө үнэлүүлэх аж.
Ийнхүү идэвхжүүлснээр байгууллага бүр цахим хичээлийг нэг
танхимд цуглан тогтмол цагт үзэж судалж, хамтран ярилцаж, нэгнээсээ суралцаж, даалгавраа
гүйцэтгэн илгээдэг болж байна.
Мөн цахим хичээлийн үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэхийн
тулд Насан туршийн боловсролын төв, нэгжээр дамжуулан монгол хэл, бичгийн багш
нартайгаа хамтран аймгийн хэмжээнд төрийн болон төрийн өмчит 152 байгууллагын 3563
төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулахын тулд хэл бичгийн модуль
сургалтын хөтөлбөр, хуваарийг гарган хүргүүлэн хэрэгжүүлж байгаа.
Ийнхүү сум, байгууллага бүр цахим хичээлээ үзэж, мөн
танхимаар сургалт авч, мэдлэгээ бататган, “Үндэсний бичигтэн” сум, байгууллага,
хамт олон болохоор чармайж байгаа ажээ.




