Арвайхээр сумаас 20 иргэн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өчигдөр аймгийн хэмжээнд нэгдүгээр хавьтлын 384 иргэнээс PCR шинжилгээ авч, Хужирт
суманд ажиллаж байгаа ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори баг руу илгээгээд байна.
3 дугаар сарын 1-22-ны өдрүүдэд Арвайхээр сумаас 20
иргэн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амраад ирсэн бөгөөд тэдгээрийн нэгдүгээр хавьтал
болох 178, хоёрдугаар хавьтал болох 1076 хүнийг гэрийн ажиглалтад тусгаарлан
хянаж байгаа юм. Өнгөрөгч хугацаанд ойрын болон дам хавьтлын хүмүүс Арвайхээр
сумын 104 байгууллагаар орж, төрийн болон бусад үйлчилгээг авсан нь тогтоогджээ.
Одоогоор Арвайхээр суманд эерэг тохиолдол нэг
байна. Түүний ойрын хавьтал 32, дам хавьтлын 78 хүнийг тогтоож, мөн гэрийн
ажиглалтад тусгаарласан байна.
Энэ сарын 19-20-ны өдөр Олимпын хорооны томилолтоор
яваа ажлын баг Өвөрхангайд ирж ажилласан бөгөөд үүнтэй холбогдуулан нэгдүгээр
хавьтлын 61, дам хавьтлын 31 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад
сөрөг гарчээ.
Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хавьтлуудыг
илрүүлэх, халдварыг хумих ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.