Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-26 10:13:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 25-нд 20.00 цагт хуралдаж, халдварыг богино хугацаанд хумих, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах талаар шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд өнөөдөр төрийн тусгайлсан чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлаад байна. “Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтооход дийлэнх нь төрийн болон банк санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлсэн байна. Лавлагаа, үйлчилгээ авах зорилгоор төрийн байгууллагуудад бөөгнөрөл үүсгэж, халдвар тараах эрсдэлтэй байдалд оруулж байгаа учраас онцгой байдал, хууль хяналтын байгууллага, эрүүл мэнд, эрчим харилцаа холбооноос бусад бүх төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.

Арвайхээр сум гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд ажиллаж байгаа тул хүнсний дэлгүүр, эмийн сан, ус түгээх цэгүүд хэвийн ажиллаж байна. Гэхдээ гэрийн ойролцоох цэгээс үйлчилгээ авахыг аймгийн Онцгой комиссоос зөвлөж байгаа юм.

Мөн өвс, тэжээл худалдан авахыг хүссэн малчдыг аймгийн төв буюу “улаан бүс” рүү оруулахгүйгээр баруун постод худалдаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.

相关新闻