Халдвар авсан иргэдтэй ойр харьцсан 106 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд “Сэмжид Хужирт” рашаан
сувиллаар 12 аймгийн иргэд үйлчлүүлсэн ба Өвөрхангай,
Дархан-Уул,
Увс, Төв, Баянхонгор, Завхан зэрэг зургаан аймгийн иргэдээс коронавирусний халдвар илрээд
байна.
Хужирт
суманд халдвар батлагдсан 23 тохиолдлын ойрын хавьтлын
128, дам хавьтлын 713 иргэнийг олж тогтоон тусгаарлах байр болон гэрийн
ажиглалтад шилжүүлээд байгаа
ба энэ сарын 24-ний байдлаар ойрын хавьтлын 106 хүний шинжилгээний хариу сөрөг
гарчээ. Тус суманд Онцгой комисс, Шуурхай штаб, Мэргэжлийн анги,
төрийн байгууллагын болон хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн 200 гаруй ажилтан,
албан хаагчид цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Сумын төвөөс
орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих 6 пост 24 цагаар ажиллаж байгаа ба сумын төв доторх хөдөлгөөнд хяналт тавихаар 14 цэгт
хөдөлгөөнт эргүүлүүдийг хуваарийн дагуу ажиллуулж байгаа юм.
Хархорин суманд халдвар батлагдсан
дөрвөн иргэний биеийн
байдал хөнгөн ч сэтгэл санааны хямралд өртсөн байгааг
холбогдох албанаас мэдээллээ. Арвайхээрт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хоёр
иргэнийг БОЭТ-ийн
Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байгаа ба шинжилгээг дахин
баталгаажуулахаар ЗӨСҮТ рүү илгээгээд байна.