Сургууль, цэцэрлэгүүдийг гар ариутгагч төхөөрөмжөөр хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссоос Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгүүдэд гар ариутгагч төхөөрөмж, халуун хэмжигч, амны хаалт, ариутгагч шингэн хүлээлгэн өглөө.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 15 сумын 19 сургууль, 22 цэцэрлэгийн үйл ажиллагаа энэ сарын 22-ноос эхлэн жигдэрч, сургуулиудын хувьд олон хүүхэдтэй ангиуд хоёр ээлжээр хичээллэн сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Дундговь аймагт хэдийгээр коронавирусний халдвартай тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч өнгөрсөн долоо хоногт халдвар авсан нэг иргэн Сайнцагаан суманд ирж нэг хоносон байдаг. Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, халдвартай байсан иргэний ойрын болон дам хавьтлуудыг 2-3 удаагийн шинжилгээнд хамруулан бүгд сөрөг гарсан учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа энэ долоо хоногоос жигдэрч байгаа юм.
Аймгийн төвийн сум, орох, гарах хөдөлгөөн ихтэй байгаа тул Сайнцагаан сумын 8 цэцэрлэг, ерөнхий боловсролын 5 сургууль халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд аймгийн Онцгой комиссоос ийнхүү байгууллага тус бүрийг 350 ширхэг амны хаалт, гар ариутгагч төхөөрөмж, ариутгагч шингэн, халуун хэмжигчээр хангасан ажээ.