Гурван хувийн хүүтэй зээлд 6 байгууллага, 21 иргэн хамрагдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг олгож эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт зургаан аж ахуйн нэгж, 21 иргэн уг зээлд хамрагджээ. Гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй уг зээлийг “Зээлийн батлан даалтын сан” арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Иймд аймгийн Засаг дарга С.Батжаргал Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зургаан банкны төлөөлөлтэй уулзаж иргэдэд болон банканд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр банкууд зээл хүсэгчдээс “Жижиг, дунд үйлдвэрлэгч” гэсэн тодорхойлолтыг ХХААГ-аас авч ирэхийг шаардаж байгаа нь чирэгдэл үүсгэж байгааг онцоллоо.