Төрийн байгууллагын албан хаагчдын 90 хувийг цахимаар ажиллах үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Халдварт цар тахлын 14 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний
дагуу аймгийн Онцгой комисс урд шөнө хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны ажил, хүнс, өвс,
малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт,
Бат-Өлзий сумаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг 3 дугаар сарын
23-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлаж, энэ хугацаанд
тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.
Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж,
байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09.00-20.00 цаг хүртэл
тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст
цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн
газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав.
Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан, албан хаагчдыг цахимаар ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Дээрх
сумдад хязгаарлалтын хугацаанд эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хүнсний
худалдаа, үйлдвэрлэл, эрүүл
мэндийн үйлчилгээний байгууллага, уст цэг,
шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлалаа.
Цар тахлын цаг
үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж
хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт
тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга
хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд онцын шаардлагагүй бол
гэрээс гарахгүй байж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хариуцлагатайгаар
мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулаад байна.