БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-23 09:27:10

НАНЬНИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой даваа гарагт Гуйлинь хотноо уулзжээ.


Талууд АНУ-тай өрнүүлж буй харилцаанд сүүлийн үед болсон үйл явдлуудын талаар харилцан бие биедээ мэдээлсэн гэж уулзалтын дараа гаргасан хэвлэлийн мэдээнд дурдав.


АНУ дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд сүүлийн жилүүдэд учруулсан хохирлоо эргэн харж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, сөргөлдөөн үүсгэх жижиг хүрээлэл үүсгэхээ зогсоох хэрэгтэй хэмээн олон улс үзэж байгааг хоёр орны Гадаад хэргийн сайд нар онцлон тэмдэглэжээ.


Мөн талууд бүх улс орон НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг дагаж мөрдөж, олон талт үзлийг баримталж, олон улсын харилцааг илүү ардчилсан болгож, нийгмийн тогтолцоо, хөгжлийн байдал харилцан адилгүй орнууд энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран хөгжихийг хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.


Ираны цөмийн асуудлуудын хувьд, талууд АНУ-ыг Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд нөхцөл болзолгүйгээр аль болох ойрын хугацаанд эргэн нэгдэж, Ираны эсрэг авсан нэг талыг баримталсан хориг арга хэмжээнүүдээ цуцлах хэрэгтэй гэж үзжээ. Мөн Иранд Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн дагаж мөрдөхийг уриалжээ.


Талууд мөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг зохицуулах асуудлаарх яриа хэлэлцээний платформыг бий болгох санал гаргасан байна.


Афганистаны асуудлын тухайд, сайд нар олон улсын хүчин чармайлтад өндөр ач холбогдол өгч байгаагаа мэдэгдээд, Афганистантай холбоотой яриа хэлэлцээний механизмууд бие биеэ нөхөж, энх тайван, эвлэрэл, сэргээн босголтын үйл явцыг түргэтгэх зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Талууд Мьянмарт үүсээд буй нөхцөл байдалд ихэд санаа зовниж буйгаа илэрхийлснийг хэвлэлийн мэдээнд мөн тэмдэглэжээ. Тэд Мьянмарт нүүрлээд буй хямралыг үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, дахин мөргөлдөөн, цус асгаруулсан явдал гарахаас зайлсхийж, гадаадын хүчнүүд үүсээд буй нөхцөл байдлаас ашиг хонжоо олохоос сэргийлж, ардчилсан шилжилтийг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бүх талд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. 


Мөн НҮБ-ын шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлт, Ази, Номхон далайн нөхцөл байдал, Сири, Судан зэрэг өргөн хүрээний асуудлуудаар санал бодлоо солилцжээ. Талууд хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн харилцааны талаарх хэлэлцээгээ мягмар гарагт үргэлжлүүлэх ажээ. 

相关新闻