С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол улаан түвшинд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-22 22:52:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гамшгийн улбар шар түвшинг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар нийтэд мэдээлсэн. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Гэрээр тусгаарлах журам баталснаас хойш хэдэн иргэнийг гэрт нь эмчилж байна вэ?


-Шадар сайд С.Амарсайхан: Гэрээр тусгаарлах ажил энэ сарын 14-нөөс эхэлсэн. Одоогоор 214 батлагдсан тохиолдлыг гэрт нь тусгаарласан. Үүнд явуулын баг болон цахим хэлбэрээр хяналт тавьж байгаа.


-Ирэх сарын 5 хүртэл гамшгийн үеийн улбар шар түвшинг мөрдөнө. Үүнээс цааш ямар бодлого хэрэгжүүлэх вэ?


-Шадар сайд С.Амарсайхан: Хэрэв энэ 14 хоногийн хугацаанд халдварын тоо буурахгүй, илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл бид улаан түвшинд шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хатуу хөл хорио тогтоовол эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ. 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд өөрчлөлт орсон уу?


-Шадар сайд С.Амарсайхан: Бүтэн жил зогссон учраас аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй байсан. Гэхдээ сүүлийн үед эдийн засаг өсөж, эерэг үзүүлэлт гарч байгаа. Гэхдээ энэ үзүүлэлт цаашаа ямар байх нь хувь хүн бүхнээс хамаарна. Иргэн, аж ахуйн нэгжүүд хичээж ажиллаж байгаа. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байгаа хэсэг бий.


-Сангийн сайд Б.Жавхлан: Хөл хорио тогтоох нь эдийн засагт нөлөөлнө. Удах тусам хүндэрнэ. Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх уриалга гарган ажиллаж байгаа. Хөл хорио бол иргэдээс гадна эдийн засгаа ч хорино гэсэн үг. Тэгэхээр бид аль болох энэ байдал руу орохгүй байх ёстой юм. Үүний тулд төр засаг бүх боломжоороо ажиллаж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд төр засгаасаа гаргаж байгаа бодлого, шийдвэрийг ягштал баримталж, ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийж, дэглэмээ сахиж байж эрүүл мэндээ ч хамгаална, эдийн засгаа ч сэргээнэ. Хэн ч хөл хорио тогтоохыг хүсэхгүй байгаа.

Эдийн засгаа нээсэн энэ богино хугацаанд эдийн засаг сэргэх шинжтэй байгаа. НӨАТ-ын татвар энэ оны 2 дугаар сарын байдлаар 421 тэрбум төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 хувиар, 2019 онынхоос 10 хувиар өссөн үзүүлэлт. Мөн Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөг хэрэгжиж эхэлсэн үеэс буюу өнгөрсөн 14 хоногт НӨАТ төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн тоо 594-өөр нэмэгдсэн. Энэ нь 2019, 2020 оны мөн үеийнхтэй харьцуулбал, 2,5-3,5 дахин өссөн.

Мөн энэ сарын 1-нээс хойш гурван сувгаар зээл олгож байгаа. Энэ хүрээнд ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй 27.1 тэрбум төгрөгийн зээлийг нийт 417 зээлдэгчид олгосон байна. Үүнээс 97 нь аж ахуйн нэгж байгаа бол 320 нь бичил бизнес эрхэлдэг иргэн. Цаашдаа энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа.

Өөр нэг сайн мэдээ гэвэл Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог "Moody’s" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ сарын 16-нд “B3” төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа. Түүнчлэн Монгол Улсын экспортын гол түүхий эдүүдийн үнэ олон улсын зах зээл дээр бидний тооцоолсноос бага зэрэг өндөр байгаа зэрэг таатай нөхцөл бий.

相关新闻