Софи хотод Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-06 10:59:39

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан тус улсад суугаа Элчин сайдын яам Софи хот дахь Болгарын үндэсний музейн Их танхимд хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.


Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгарын  Ардын их хурлын  гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Байнгын хорооны дарга Росица Кирова, Шадар сайд бөгөөд Тээвэр, харилцаа холбооны сайд Гроздан Караджов, Гадаад хэргийн дэд сайд Николай Павлов нар хүндэтгэлийн үйл ажиллагааг нээсэн бөгөөд 75 жилийн ойн ёслолд 200 орчим зочин, төлөөлөгч оролцжээ. 


Үүнээс гадна Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгарын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Д.Недялков нар “Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Агаарын харилцааны тухай Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 166 дугаар зарлигаар Болгарын Ардын их хурлын гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Росица Любенова Кироваг “Найрамдал медаль”-иар шагнасныг Элчин сайд Л.Саянаа гардуулсан байна.


Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төв архив, Болгарын Архивын агентлаг, МОНЦАМЭ агентлаг хамтран  “Монгол-Болгарын дипломат харилцааны түүх”, “Орчин цагийн Монгол”, эртний монголчуудын хадны сүг зургийн “Сая сая өдрүүд” сэдэвт цомог,  гэрэл зургийн үзэсгэлэнг Болгарын ард түмэнд танилцуулсан юм. 










相关新闻