Малчдын зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат арилжааны
банкуудын салбаруудад малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг
тодорхой хугацаагаар хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ.
Өнгөрсөн онд тус аймгийн нийт нутгаар зуншлага тааруу
байсан бөгөөд энэ оны гуравдугаар сарын эхээр байгалийн онц аюултай үзэгдэл
болж, хүчтэй шороон шуурганы улмаас олон малчин малаа алдаж, тэдний
амьдрал, мал аж ахуйд ихээхэн бэрхшээл учраад байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн нийт малчдын 80 гаруй хувь
нь банканд зээлтэй. Тодруулбал, аймгийн 15 сумын 6449 малчин арилжааны
банканд 48,357,3 сая төгрөгийн зээлтэй байгаа ба найман малчны 27,0 сая
төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй байгаа аж.
Малчид ихэвчлэн зээлийн эргэн төлөлтөө хавар ноолуур
гарах цагаар буюу намар төлөхөөр зохицуулдаг. Харин энэ хавар тус аймгийн
малчдын хувьд байдал хүндхэн байдалд байна.
Аймгийн Засаг даргын өгсөн албан бичиг, хүсэлтийн дагуу
малчдын зээлийг хойшлуулах боломж байгаа
эсэхийг ХААН банкны салбараас тодруулахад, тус банк коронавирусний цар тахалтай
холбоотойгоор малчдын зээлийн төлбөрийг хойшлуулж байгаа гэлээ. Гагцхүү малчид
өөрсдөө банканд хүсэлтээ гаргах ёстой бөгөөд хүсэлтийн нь дагуу асуудлыг
шийдвэрлэж байгаа ажээ.