"Сэмжид Хужирт" рашаан сувилалд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сумын "Сэмжид Хужирт" ХХК-ийн амралт
сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
өөрийн аймагт очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан
байна.
Иймд сэжигтэй тохиолдол гэж үзэн Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн их эмч
С.Хоролмаагаар ахлуулсан ''Хариу арга хэмжээ''-ний нэгдүгээр баг Хужирт суманд ажиллаж, хавьтал
тогтоох, тандалт судалгаа хийх, эмчийн үзлэг, сорьц шинжилгээ цуглуулах,
голомтын халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Мөн сумын Онцгой комисс сэжигтэй тохиолдлын хавьтлууд, явсан маршрутыг тогтоохоор
ажиллаж байгаа ба сумын төвөөс орох, гарах
хөдөлгөөнийг хязгаарлаж, суманд
үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг,
эмийн сан, ус түгээх цэгээс бусад төрийн болон хувийн
хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргалаа.
2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх
хугацаанд ''Сэмжид Хужирт'' ХХК-ийн амралтын газраар үйлчлүүлсэн иргэд
Өвөрхангай аймгийн Эрүүл
мэндийн газрын 94997721 утсаар холбоо барихыг олон нийтэд мэдээлж байна.