Оны эхний хоёр сард 212 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 оны эхний хоёр сард 213 эх амаржин 212 хүүхэд төрж, өмнөх оны мөн үеэс есөн тохиолдлоор өссөн байна.
Нийт төрөлтийн 89.7 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн бөгөөд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 125 эх хөдөө сумаас ирж төржээ. Ийнхүү өмнөх оны мөн үеэс 14 тохиолдлоор нэмэгдсэн нь тус эмнэлэгт төрсөн эхийн 65,4 хувийг эзэлж байгаа ажээ.
Мөн жирэмсний хяналтад шинээр 176 эх орсон ба 94,3 хувь нь эхний 3 сартайд, 5.7 хувь нь 4-6 сартайд иржээ. Энэ хугацаанд эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сонирхуулахад, 2021 оны эхний хоёр сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 212 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хүүхдээр буюу 4.7 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 119 буюу 56.1 хувь нь хүү, 93 буюу 43.9 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 3.3 хувь нь 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас мэдээллээ.