Ажлын байрыг дэмжих зээлийн талаар танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-15 21:27:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгчдэд ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар танилцууллаа.


Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монгол банкны Говь-Алтай аймаг дахь салбар, арилжааны банкууд хамтран гуравдугаар сарын 15-нд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд "Ажлын байрыг дэмжих зээл"-ийн талаар танилцуулж, мэдээлэл хийв.

Танилцуулгын үеэр зээлийн шалгуур үзүүлэлт, зарцуулалт, эргэн төлөлт, НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхэд анхаарах асуудал, НӨАТ-аас чөлөөлөгдөх нөхцөл, Зээлийн батлан даалтын сангийн танилцуулга зэрэг сэдвээр мэдээлэл өгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн асуултад хариуллаа.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхэлсэн. 

Иргэнд: 50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгоно. 

Аж ахуйн нэгжид: ААН-д тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

Арилжааны банкаар дамжуулан олгох хоёр их наяд төгрөгийн зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд "Зээлийн батлан даалтын сан"-аар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Харин ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд холбогдох мэдээлэл, журмыг арилжааны банкуудаас авах боломжтой ажээ.

相关新闻