Зарим суманд цахилгаан эрчим хүч хязгаарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-15 14:03:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхины хурд 18-29 м/с, зарим газарт 34 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурснаас үүдэн ОХУ-аас цахилгаан эрчим хүч нийлүүлдэг 110 кВ-ын ЦДАШ-д гэмтэл саатал /110 кВ-ын тулгуур унасан/ гарсан. Энэхүү ЦДАШ-аас хүчдэл авдаг Говь-Алтай аймгийн Дарви, Хөхморьт, Шарга, Төгрөг, Тонхил, Бугат сум тодорхойгүй хугацаагаар ЦЭХ-ээр хязгаарлагдаад байна.


Мөн ОХУ-аас нийлүүлдэг хүчдэл тасарч Монгол Улсын Эрчим хүчний систем тусдаа ажиллаж байгаагаас Мөрөн-Тэлмэн-Улиастай-Тайшир 110 кВ-ын систем чадлын дутагдалд ороод байна. Иймээс Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Дэлгэр, Бигэр, Эрдэнэ, Чандмань, Цогт, Цээл, Халиун сум болон Гуулин, Баянтоорой тосгон, Есөнбулаг сумын гэр хорооллын хэрэглэгчид мөн тодорхойгүй хугацаагаар ЦЭХ-ний хязгаарлалтад ороод байна. Иймд цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлийн аюулт үзэгдэл дуустал дээрх хэрэглэгчид хязгаарлалт хэвээр үргэлжлэх төлөвтэй байна хэмээн "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-аас мэдээллээ.


相关新闻