Халдварын голомт бүхий бүс нутгаас ирж буй иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг гуравдугаар сарын 31-ний 23.00 цаг хүртэл сунган, энэ хугацаанд халдварын голомт бүхий бүс нутгаас ирж буй иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Мөн хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Онцгой комиссын шуурхай штабаас танилцууллаа.
Үүнд:
- Халдварын голомт бүхий нутгаас ирж буй иргэд, ачаа тээврийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, эрсдэл бүхий газраас ирсэн иргэдээс шинжилгээ авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
- Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийж хүнс, өвс тэжээл, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн яаралтай тусламж, буяны ажил, шаардлагатай албан томилолт зэргийг зөвшөөрч, бусад чиглэлээр иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-31-ний 23.00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлах;
- Халдвартай бүс нутгаас зөвхөн орон нутгийн үндсэн харьяалалтай иргэдийг 7 хоногийн лхагва, бямба гарагт нийтийн тээврийн хэрэгслээр татан авах;
- Халдварын голомт бүс нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээ өгсөн байх бөгөөд орон нутагт давтан шинжилгээ авахаар боллоо.
- Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэр, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг оролцуулан хурал, цуглаан хийх, урлаг соёлын тоглолт, спортын арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо.
- Улаанбаатар хот болон голомтот бүсээс ирсэн иргэдийг гэр бүлийн гишүүдийн хамт 14 хоног гэрийн ажиглалтад байлгах, гэр бүлийн гишүүнээс төрийн болон хувийн хэвшилд ажилладаг ажилтныг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж, ажилдаа ирэхийг шаардахгүй, цалин хасахгүй байхыг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт үүрэг болгов.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын үед холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, амны хаалт тогтмол зүүх, нэг удаагийн бээлий хэрэглэж хэвших, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа.
- Улаанбаатар болон бусад аймаг руу зорчих иргэдэд нотлох баримтыг үндэслэн “нэвтрэх зөвшөөрөл”-ийг Онцгой байдлын газар олгохоор болов.
- Голомтот бүс нутгаас ирж буй нэг хүний ачаа тээврийг ажлын бус цагаар агуулах, дэлгүүрт буулгах, олон хүний дайвар ачааг МСҮТ-ийн хашаанд халдвар хамгааллын дэглэм баримтлан Онцгой байдлын газрын хяналт дор буулгана.
- Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.