Дундговийн хүн ам 1.8 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-12 12:27:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймгийн хүн ам 47274 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 хувиар өссөн байна.

Нийт хүн амын 50.3 хувийг эрэгтэйчүүд, 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл нийт хүн амын 23.2 хувь нь 17 хүртэлх насны, 73.3 хувь нь 18-69 насны, 3.5 хувь нь 70 болон түүнээс дээш насныхан байгаа юм. Хөдөлмөрийн насны 32 316 иргэн байна.

Нийт хүн амын 68.4 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байгаа бол зөвхөн 25.2 хувь нь нийгмийн даатгалд даатгуулагч, шимтгэл төлөгч, 42.4 хувь нь нийгмийн халамжаас тэтгэмж авдаг байна.

Тодруулбал, нийт хүн амын 42,4 хувь нь 2020 онд нийгмийн халамжийн сангаас 7027.0 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авчээ. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 2761 нь 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхчүүд, 1167 нь жирэмсэн эмэгтэйчүүд, 11.2 хувь буюу 2242 нь нийгмийн халамжийн тэтгэмж, 4.2 хувь буюу 837 иргэн халамжийн тэтгэвэр, 23.1 хувь буюу 4622 иргэнд алдарт эхийн одонгийн мөнгө, 13.2 хувь буюу 2634 иргэн насны хишиг, 15.0 хувь буюу 2996 иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авсан байна.

Харин НДХ-ийн мэдээгээр өнгөрсөн онд 11 920 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгүүлж, 2396 хүн буюу 20.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 4199 хүн буюу 35.2 хувь нь төсөвт байгууллагаас, 5325 хүн буюу 44.7 хувь нь сайн дураар шимтгэл төлжээ. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад аж ахуй нэгж байгууллагын болон сайн дурын даатгуулагчийн тоо өсч, төсөвт байгууллагын даатгуулагч буурсан байна.

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч хүн 7749 байгаа ба тэдгээрийн 83.7 хувь буюу 6487 хүн өндөр насны, 11.3 хувь буюу 877 хүн тахир дутуугийн, 3.1 хувь буюу 241 хүн тэжээгчээ алдсаны, 1.9 хувь буюу 144 нь цэргийн тэтгэвэр авдаг ажээ.

 

相关新闻