“Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээх уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-10 21:27:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хайрлах өдрийн хүрээнд БОАЖГ-аас Есөнбулаг сумын ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн дунд ангийн сурагчдын дунд “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээх уралдааныг амжилттай зохион байгуулав. 


Тодруулбал, хүүхдийн танин мэдэхүй болон бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, механик хэлбэлзэх энерги хадгалах хууль, хүндийн төв, биеийн масс, жигд налуу гадаргуу зэрэг ухагдахуунуудыг ашиглан уран хөрөөгөөр “Говийн гайхамшигт-6” буюу GG-6 амьтныг урлаж уралдуулах тэмцээнийг гурван үе шаттай зохиосон юм. Уралдаанд 5-8 дугаар ангийн нийт 150 хүүхэд бүтээлээ ирүүлснээс нэгдүгээр байрт 7В ангийн сурагч Б.Сүхбат, удаах байруудад 6Б ангийн сурагч А.Шинэбаяр, 8Б ангийн сурагч Н.Нямбаяр нар шалгарч үе тэнгийн найзуудаа манлайлав. 

Сурагчдад байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, ан амьтдыг хайрлан хамгаалах, Говийн гайхамшигт зургаан амьтны тухай мэдлэг олгох чухал ач холбогдолтой уралдаан болсон тухай зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Уралдааныг тус сургуулийн технологи, физик, газарзүйн багш нартай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлогтой болжээ.

Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт зэрэг нэн ховор амьтад бүгд Говь-Алтай аймагт нутагладаг учир ийнхүү GG-6 хэмээн нэрийдэн хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, олон нийтэд сурталчан таниулж буй ажээ.


相关新闻