Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Засгийн газраас 2 их наяд төгрөгийн зээл олгох хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан болон Монголбанкны удирдлагууд өнөөдөр мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Өнгөрсөн хугацаанд их хэмжээний зээл олгодог ч эзэндээ хүрдэггүй байсан. Одоо арилжааны банкуудаар дамжуулна гэж байгаа. Тэгэхээр арилжааны банкууд өөрсдөө эрсдэл хүлээх тул барьцаа хөрөнгийг өндөр тавьдаг. Гэтэл яг бизнес хийх гэхээр барьцаа хөрөнгөгүй гэсэн асуудал тулгардаг. Яг энэ удаагийн зээлийг барьцаа хөрөнгөгүй жижиг аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хүргэх вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн онд тун бага зээл олгосон. Банкуудаар дамжиж гардаг зээлийн нийт хэмжээ 15 хувиар буюу 3 их наяд төгрөгөөр багассан. Тэр хэмжээгээр зах зээлд зээл дутагдаж байна. Тиймээс хамгийн хүнд байгаа хэсгүүд дээр эдийн засгийг идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Зээлийг хүртээмжтэй, эзэндээ очдог байлгахын тулд мэргэжлийн байгууллагаар нь дамжуулъя гэдэг шийдвэр гарсан. Энэ шийдвэр ч урт хугацаанд тогтвортой явна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Өнгөрсөн онд зээл их хэмжээгээр буурсан тул эдийн засагт өсөлт гараагүй. Тиймээс энэ онд зээлийг өсгөх зайлшгүй шаардлагатай тул Монголбанк дэмжиж байгаа. Арилжааны банкууд зээлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн.
-“COVID-19”-ийн улмаас эдийн засаг хүндэрч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьчихаад байхад төсвийн мөнгөөр чийрэгжүүлэх танхим тохижуулна зэрэг үр ашиггүй зардал ир гаргадаг. Ирэх жилүүдэд үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Өнгөрсөн онд Төвбанк төсөвтөө чийрэгжүүлэх өрөө байгуулахаар тусгасан байсан. Үүнийгээ цуцалсан. Дахиж төсвөөс ийм зарцуулалт гаргахгүй байхаар шийдэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр танилцуулсан.
-Монполимет компани 10 тэрбум төгрөгийн өрөө Төвбанкаар төлүүлсэн. Гэтэл Төвбанк энэ мөнгөө авах асуудлаар хөөцөлддөггүй. Үүнийг хэрхэн анхаарч байна вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хуулийн байгууллагаас тодорхой шийдвэр гараагүй тул Төвбанк ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй байна.
-Аж ахуйн нэгжид олгох зээлийг ЖДҮХС-гийн зээл шиг намын хамаарал бүхий этгээдийн ах дүү нь авчихдаг. Үүнд ямар хяналт тавих вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Эдгээр алдааг давтахгүйн тулд л арилжааны банк буюу мэргэжлийн байгууллагаар дамжуулж байгаа юм. Өмнөх шигээ явбал алдаа давтагдах тул энэ бодлогын шийдвэрийг гаргаж байна. Арилжааны банкуудын үйл ажиллагаа тогтвортой, зээлдэгч нараа таньдаг, мэддэг болчихсон тул үүнд их итгэж байгаа. Зээлийг зориулалтын бусаар ашиглавал банк маш амархан илрүүлнэ. Банкны IT сүлжээний дэд бүтэц маш сайжирсан тул зориулалтын бусаар ашиглах боломж бага. Мөн Засгийн газар, Төвбанк хамтран арилжааны банкны хяналт шалгалтыг давхар хянана. Хэрэв зээлийг зориулалтын бусаар ашигласан байвал зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээг зогсоож, өмнөх хүүг төлүүлэн, арилжааны зээлд шилжүүлэх зэрэг зохицуулалт хийнэ.
-Иргэнд 50 сая төгрөг тавихдаа арилжааны банк ямар шаардлага тавих вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Аж ахуйн нэгжүүдэд шинэ зээл олгох уу, эсхүл өмнөх зээлийг дахин санхүүжүүлэх үү гэдэгт тодорхой хязгаарлалт хийсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн 70 хүртэлх хувийг дахин санхүүжүүлж болно. 30-аас дээш хувийг шинэ зээл болгож гаргана. Бичил зээлийн хувьд 70 хувь шинэ зээл, 30 хувь нь дахин санхүүжүүлнэ.
-2021 оны улсын төсөвт тодотгол хийх үү?
-Сангийн сайд Б.Жавхлан: Энэ оны төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэх нь одоо эрт байна. Тодотгол хийе гэж хүмүүс шаардаад, Сангийн сайд шийдчихдэг асуудал биш. Үүнийг Төсвийн тухай хуулийн дагуу тодотгол хийх шаардлага үүссэн, нөхцөл нь тодорхой болсон байх ёстой. Тэгээд ч өнгөрсөн сард төлөвлөсөн төсвийн орлого 100 хувь гарлаа. Бараг бага зэрэг давсан. Төсвийн зардалд тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй.
-Ашигт малтмал уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байгаа вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Гол түүхийн эдийн үнэ ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр зэсийн үнэ 9100 орчим ам.доллар байгаа. Өнгөрсөн долоо хоногт бүр 9500 ам.долларт хүрсэн. Бид төсөв дээр 8500 ам.доллароор тусгасан. Гэхдээ энэ тайвшрах зүйл биш. Энэ биднээс биш дэлхийн том тоглогч нараас шалтгаалдаг тул итгэхийн арга байхгүй. Тиймээс дээрх тоонд найдаж төсвийн зохицуулалт хийж, ирээдүйд олох орлогоо өнөөдөр зарцуулах зэрэг нь төсвийн сахилга батаа алдахад хүргэнэ. Ийм зүйл рүү орж хэрхэвч болохгүй. Алт 1700 орчим ам.доллар байгаа бол төмрийн хүдрийн үнэ ч бидний төсөвлөснөөс бага зэрэг өндөр байгаа.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд төрөөс мөнгөө авч чадахгүй байна. Үүнийг Сангийн яам хэзээ шийдэх вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Улсын төсвийн гүйцэтгэл өнгөрсөн онд 170-180 тэрбумаар тасарсан асуудал байгаа. Үүнийг 2021, 2022 оны хөрөнгө оруулалтад нэмж шингээхээр баталчихсан байгаа. Цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг өнгөрсөн онд НОСК орон сууцанд оруулсан. Үүний санхүүжилт нь хүлээгдэж байгаа юм билээ. Уг нь бол өнгөрсөн онд НОСК бүх бондоо арилжаалаад мөнгөө өгчихсөн байх ёстой. Сангийн яам үүнд хүүгийн зөрүүг нь төсөвлөчихсөн байсан. Үүнийг улс төржүүлээд Сангийн яамны гадаа жагсаал зохион байгуулаад байгаа юм. Сангийн яам энэ дээр мөнгө өгөхгүй шүү дээ. Энэ жил төсөвлөөгүй. Өнгөрсөн онд НОСК, Монголбанк хооронд арилжаа хийгээд, санхүүжилтийг нь гаргаад, хүүгийн хөнгөлөлтийг өгөх ёстой байсан. Түүнийг НОСК гаргаж чадаагүй. Өөрсдөө хариуцлага алдсан. Төсөв дээр үүнд зориулж мөнгө тусгаагүй тул 100 гаруй тэрбум төгрөг өгөх ямар ч боломж байхгүй. Үүнийг НОСК хариуцах ёстой.