Монгол, Узбекистан улсын худалдаа, эдийн засгийн харилцаа тогтвортой өсөн нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-24 12:48:42

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  МҮХАҮТ-аас Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг өчигдөр зохион байгуулав. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ сарын 24-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалтай холбоотой хоёр орны худалдааны эргэлтийг нэмэх, арьс шир, ноос ноолуур, жимс жимсгэнийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх зорилгоор бизнес уулзалт зохион байгуулсан юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Узбекистаны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэх зорилт дэвшүүлж, Улаанбаатар, Ташкент хотод Худалдааны төв байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Төв Азийн бүс нутагт ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн болон амьд мал нийлүүлэх, мөн Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах таатай боломжийг нээсэн юм.

Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах шийдэмгий бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эдийн засаг нь ойролцоогоор хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар нэмэгджээ. Харин хоёр улсын нийт худалдааны эргэлт өнгөрсөн онд 10.6 сая ам.долларт хүрч, үүнээс Монгол Улсаас экспортолсон бүтээгдэхүүн 5.9 сая ам.доллар, импорт 4.7 сая ам.долларт хүрсэн байна.


Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Ходжаев хэлэхдээ, "Манай хоёр орны төрийн тэргүүн нарын өндөр дээд түвшний  харилцан айлчлалууд  хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал түлхэц болсныг цохон тэмдэглэе.

Бид ноос ноолуур, арьс шир, хөнгөн хүнд үйлдвэрлэл, худалдааны чиглэлд хамтран ажиллах боломжтой. Хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 50 хувиар, 2025 оны эхний  5 сард дахин 20 хувиар өссөн. Цаашид Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ярилцаж тохиролцсон олон асуудлаа бодит ажил хэрэг болгоход анхааран, хичээл зүтгэн гарган ажиллах болно” хэмээв.



МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав ярихдаа, "Энэхүү форум нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд холбоог гүнзгийрүүлэх чухал алхам болж байна. Хоёр орны бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий” гэдгийг хэллээ.


Цаашид хоёр орны төр засгаас хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлж, хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулна. Түүнчлэн манай улсаас тус улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох, эдгээр бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд учирч байгаа татварын болон бусад саад тотгорыг хамтран арилгах, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.


Узбекистаны хөрөнгө оруулалттай худалдаа, засвар үйлчилгээний салбарын 24 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын компаниуд Узбекистаны зах зээлд тодорхой хөрөнгө оруулалт хийж байгаа нь цаашид өргөжин тэлж, шинэ салбаруудад үйл ажиллагаа эрхлэх хандлага байгаа аж. 


 


相关新闻