Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-24 12:36:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.


Аудитад Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын 6832 санхүүгийн тайланг хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 33, “Хязгаарлалттай” 29, “Сөрөг” 1 дүгнэлт өгчээ. Мөн аудитаар 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн аж.


Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад бодлогын түвшинд дэмжих шаардлагатай байгааг албаныхан дүгнэлтээ танилцуулах үеэр онцоллоо. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд ч Засгийн газар, бүх шатны төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдан гарч байгаа тул УИХ-аас аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүлж, төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай байгааг аудитын тайланд тусгав. Үүнд:

 

1. Төсөв батлахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилснөөс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчмыг алдагдуулж байгааг анхаарч, цаашид нэгэнт тогтсон бодлогоо баримталж, хэрэгжилтийг хангуулах;

2. Төсвийн орлогын бүтцэд оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх;

3. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахгүй байх хуулийн шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангах;

4. Дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос үүссэн авлага барагдуулах ажил зогсонги байдалтай байгаад дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэх;

5. Гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажуулаагүй авлагын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх;

6. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хөтөлбөр, арга хэмжээ зорилтот түвшинд хүрээгүй, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж үнэлдэггүй байдлыг халж, батлагдсан төсвийг үр ашигтай хэрэгжүүлэх;

7. Дотоод аудитын эрх зүйн орчин бүрдээгүй, тогтолцоо төлөвшөөгүй, хараат бус байдал хангагдаагүйгээс зөвхөн санхүүгийн хяналт, шалгалтыг гүйцэтгэж, засаглалыг сайжруулах, эрсдэлийг удирдах үндсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч, энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8. Аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь зөвхөн аудитын зорилт биш, төрийн өмч, санхүү, төсвийн удирдлагыг сайжруулах үндэс юм.


Тухайлбал,

• Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хууль, бодлогын түвшинд дэмжих

• Хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоонд дүн шинжилгээ хийх

• Төрийн өмч, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай удирдах, менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байгааг тусгажээ.

相关新闻