Малчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зудын гамшгийн эрсдэл бүхий сумдын малчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Уг ажлыг "Хийморь гал" сан, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан санхүүжүүлж, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулжээ. Үзлэгт Гуулин тосгон, Дэлгэр, Чандмань сумын 180 малчин өрхийн гэрт зорин очиж, 716 малчин дотор, дүрс оношилгооны эмчийн үзлэгт хамрагдсан байна.
Тус үзлэгт мобайл технологийн төхөөрөмж ашиглан малчны гэрт ЭХО, зүрхний бичлэг хийж шинээр өвчлөл илэрсэн 49, жирэмсний эрт хугацаатай 2 эх болон 8 жирэмсэн эхэд үзлэг хийж, онош тодруулах, эмчийн хяналтад давтан үзүүлэх 46 хүнийг лавлагаа шатлалын эмнэлэгт шилжүүлсэн тухай ЭМГ-аас мэдээлэв.
Мөн 180 өрхөд эрүүл мэнд, анхны тусламжийн багц олгож, 700 хүнд эмийн зохистой хэрэглээний сургалт хийж, 710 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, 675 хүнд сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө өгсөн байна.