Аймгийн Засаг дарга түүхийн хичээлийг цахимаар заалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-19 12:29:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Аймгийн Хүндэтгэлийн өдөр” буюу 2 дугаар сарын 18-нд  "Миний Өвөрхангай" түүхийн хичээлийг аймгийн Засаг дарга А.Ишдорж цахимаар заалаа.


“Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Миний Өвөрхангай” хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, аймгийнхаа түүхэн хөгжил, өв соёл, үзэсгэлэнт байгаль, бахархалт хүмүүсийг ирээдүй хойч үе, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, мэдлэгийг нэмэх явдал юм” хэмээн тэрбээр хичээлийнхээ эхэнд онцоллоо.

 

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийг анх үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үеийн Цэцэрлэгмандал уулын аймгийн гол хошууд буюу одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумыг нэгтгэж, Баянхонгор аймгийн Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж байжээ.

 

1934 онд аймгийн төвийг Арвайхээрийн хошуу руу нүүлгэн шилжүүлж, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулсан түүхтэй аж.

Түүхийн хичээлтэй холбогдуулан хүүхдүүд аймгийн Засаг даргатай цахимаар холбогдон сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

 

相关新闻