Туркийн стратеги судлалын салбарынхан айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТуркийн Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид хоёр улсын стратеги судлалын салбарыг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбатын урилгаар энэ сарын 7-9-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Стратеги судалгааны төвийн /ССТ/ дарга док.проф.Али Ресул Усул, Коч Их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан, уран зохиолын сургуулийн декан док.проф.Ахмет Ичдуюгу, Бахчешехир Их сургуулийн Олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын тэнхимийн захирал док.проф Экрэм Татоглу болон гуравдугаар нарийн бичгийн дарга Озан Акан нар багтсан юм.
Хоёр тал өчигдөр болсон уулзалтын хүрээнд "Монгол Улсын гадаад бодлого: Гуравдагч хөрш болон төвийг сахих нь", "Турк-Монголын хоёр талын худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааны өсөлтийн чиг хандлага", "Монгол Улс бүс нутгийн тэлж буй интеграцчилалд нэгдэх нь: ЕАБХАБ ба НАТО", "Бүс нутгийн эдийн засгийн санаачилга: Монгол Улсын оролцоо, гурван улсын эдийн засгийн коридор" болон "Сирийн хямралын эргэн тойронд-Турк Улсын дүрвэгсдийн бодлого" зэрэг сэдвээр харилцан санал солилцжээ.