Өмнөдийнхөн Умардын агаарын болон тэнгисийн хилийг зөрчжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПХЕНЬЯН. /TASS/. Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /КCNA/ мэдэгдэл гаргаж “мягмар гарагт Өмнөд Солонгосын нисгэгчгүй аппаратууд Хойд хязгаарлах шугамын дээгүүр нисэх үедээ БНАСАУ-ын агаарын орон зайд гурван удаа нэвтэрсэн”-ийг зэмлэн буруушаалаа.
Түүний сацуу Өмнөд Солонгосын цэргийн хөнгөн завь болон загас агнуурын дөрвөн хөлөг онгоц БНАСАУ-ын усан хилийг зөрчсөн байна. Иймэрхүү өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүд Шар тэнгис дэх халуун цэгүүдэд байнга гарсаар байгаа гэдгийг Умард Солонгосын КCNA мэдээллийн агентлаг дурджээ.
Хойд хязгаарлах шугам гэдгийг НҮБ-ын цэргийн командлал 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны дараахан тогтоожээ. Харин БНАСАУ энэ шугамыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг 38 дугаар өргөргөөр тогтоосон тусгаарлах шугамын дагуу өмнө зүгт шилжүүлэн тогтоохыг шаарддаг юм.
Шар тэнгист тогтоосон Хойд хязгаарлах шугам нь хуурай газар дахь тусгаарлах шугамаас ялгаатай нь, хойд зүг рүү огцом мурийж, Умард Солонгосын баруун эргийн дагуу тогтсон байдаг ажээ. Энэ нь Өмнөд Солонгосын талд давуу байдал олгосноор тус улс БНАСАУ-ын Онжин аймгийн бүрэлдэхүүн дэх 5 арлыг хянах болсон байна.
Өмнөд Солонгос, АНУ хоёр Пхеньяны дээрх шаардлагыг огт хэрэгсдэггүй учраас Шар тэнгис дэх усан хилийн асуудал нь түгшүүртэй байдлын голомт болсоор ирсэн юм.
Х.Сарнай