Нутгийн 80 хувьд хаваржилт нэн хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Нийт нутгийн 80 хувьд хаваржилт нэн хүнд байна гэж Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Үлдсэн 20 хувь нь дунд зэрэг байгаа бөгөөд бэлчээрийн даацаар авч үзвэл 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 65 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа юм. Нийт нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, цасан бүрхүүлийн зузаан 0-5 см боловч 2020 оны зун, намар бэлчээрийн гарц муу, нутгийн 70 хувь гантай байсан тул малын өвс, хоолгүй байна.
Аймгийн хэмжээнд 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал оторлож яваагаас Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий аймгийн зарим сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 12 сумын 926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд хаваржиж байна. Мөн өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирж өвөлжмөн. Гадны аймгаас ирсэн отор нүүдлийн бөөгнөрөл нь Гурвантэс суманд 159 өрхийн 58396 толгой мал, Цогтцэций суманд 123 өрхийн 67304 толгой мал, Манлай суманд 66 өрхийн 45822 толгой мал, Ханбогд суманд 48 өрхийн 26004 толгой мал оторлож байгаа юм.
Аймгийн хэмжээнд 18146
мал хорогдсон мэдээтэй байгаа бөгөөд тэмээ 710, адуу 831, үхэр 331, хонь 3025, ямаа
13249 байна. Малын хорогдол нийт мал сүргийн 0,6 хувийг эзэлж байна.