Мария Шараповагийн эрхийг хоёр жилээр хасчээ
МОНГОЛЫН МЭДЭЭОлон улсын теннисийн холбоо /ITM/ Оросын тамирчин Мария Шараповагийн эрхийг хоёр жилээр хасах тухай шийдвэр гарчээ. Энэхүү хугацааг 2016 оны Нэгдүгээр 26-ны өдрөөс эхлэн тооцно. Энэ тухай Олон улсын теннисний холбооны хэвлэлийн мэдээлэлд дурджээ.
Ингэснээр тамирчин бүсгүй 2016 оны Бразилийн Олимпийн наадамд оролцож чадахгүй болжээ."ITM"-ийн энэхүү шийдвэрийг Лозанн дахь спортын арбитрын шүүхээр давж заалдах гэнэ.
Өнгөрөгч 3 дугаар сарын 7-нд Мария Шараповагийн цусанд мельдоний олдсон тухай дэлхийн Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан билээ. Энэ тухай Мария Шарапова өөрөө хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрээр Австралид болсон нээлттэй ДАШТ-ний үеэр түүнээс авсан цусны шинжилгээнд мельдоний илэрсэн тухай болон ямар учраас ийм байдалд орсноо тайлбарлан, олон мянган шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйж байсан.
Орос улсын Спортын сайд Виталий Мутко сэтгүүлчдэд ярихдаа, Олон улсын теннисийн холбооноос Мария Шараповагийн нөхцөл байдлыг зөөллөн үзэж, хоёр жил мэргэжлийн тэмцээнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан аж.
“Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд Мария Шараповагийн оронд Орос улсыг Екатерина Макарова төлөөлөх болно" гэж Оросын теннисийн холбооны тэргүүн Шамиль Тарпишев мэдэгдэл хийсэн. Екатерина Макарова нь Орос улсын эмэгтэй теннисчдийн жагсаалын 5 дугаарт бичигддэг юм.
Москва хот. А.Огторгуймаа