Д.Очир: Малын таваарлаг чанарыг сайжруулахын тулд үүлдэр угсаа, эцэг малаа зөв сонгох хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-10 20:37:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн Аймгийн аварга малчин Д.Очиртой ярилцлаа. Малч хичээнгүй түүний хувьд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн босгон дээр Аймгийн аварга малчны болзлыг хангасан билээ. Тэрбээр удам дамжсан малчин бөгөөд өдгөө мал маллах хүн ховордож буйд санаа чилээж явдгаа хэлж байлаа.

Д.Очир гуай 2009 онд Алтай хотын хүндэт иргэн, 2015 онд ХХАА-н тэргүүн,  Мэнд сүрэгтэн, 2016 онд Сумын сайн малчин цолоор шагнуулж байжээ. Түүнчлэн Аймгийн алдарт уяач бөгөөд МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлст манлай малчин, аймгийн Улаан Загалмайн хорооны гэр бүлийн онцгой гишүүн бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд хандив тусламж хувь нэмрээ харамгүй оруулдаг МУЗН-ийн Нигүүсэл мөнгөн медальтан юм.

 

-Танд "Аймгийн аварга малчин" хэмээх эрхэм шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хэзээнээс мал маллаж эхэлсэн бэ?

-Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг дээ. Манай гэр бүлийн олон жил цаг наргүй зүтгэсэн хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлалаа.

Би 1960 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд Жалайр овогт Доржийн хоёр дахь хүү болон төрсөн. Наран багийн бага  сургуульд 1968 онд элсэн орж, 1972 онд бага сургуулиа төгссөн. Үүнээс хойш мал дагаж явна. 36 жил мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй  ажиллаж, малаа таван төрөл дээр нь өсгөж байна. 1985 онд эхнэр Л.Бямбатай гэр бүл болон одоог хүртэл хамтдаа мал маллаж байна. Өвөг дээдсээс уламжлан сурч авсан амьдралын туршлага, мал зүйч ухааны хүчээр өдий зэрэгтэй малчин болсондоо бахархаж явдаг.


-Та хэллээ малчны хөдөлмөр цаг наргүй ажил гэж. Үнэхээр уйгагүй зүтгэж байж хэдэн малаа өсгөн үржүүлж энэхүү хүндтэй шагналын эзэн болсон болов уу? Танай гэр бүлийн тухайд таван хошуу малаасаа аль төрлийг түлхүү өсгөн үржүүлж байна?

-Мал аж ахуйд тогтвор суурьшилтай 40 гаруй жил ажилласны хүчинд хонин сүргийн эзлэх хувийн жин жилээс жилд нэмэгдэж, Говь-Алтайн үүлдрийн хуцаар сайжруулснаас гадна ямаа, адууг мөн гадны сайн чанарын хээлтүүлэгчээр цус сэлбэсэн. Сайн чанарын хээлтүүлэгчтэй болсны үр дүнд мал таваарлаг, махны болон ноосны гарц нэмэгдэн үр өгөөж нь эрс сайжирч өрхийн эдийн засгийн чадавх жил ирэх тусам дээшилсээр байна. Сүүлийн жилүүдэд малын тооноос илүү таваарлаг чанарт анхаарч байгаа. Иймээс ч мал аж ахуйн салбарт зүтгэсэн он жилүүд, малын чанар, малын хорогдолгүй байх болзлыг биелүүлсэн учир эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо гэж бодож байна. Малын таваарлаг чанарыг сайжруулахын тулд үүлдэр угсаа, эцэг малаа зөв сонгох хэрэгтэй байдаг.  

Ер нь таван хошуу мал бүгд л ашиг шимээ өгдөг. Тэдгээрээс ямааны онцлогийг тэмдэглэн хэлвэл, бусад малыг бодоход ашиг шим ихтэй, үндсэн ашиг шим нь сүү, мах, ноолуур, хялгас. Бие жижиг, шөрмөс, шандас сайтай учир хад, асга дамжин өвс ургамлын сорыг идэх онцлогтой. Тиймээс ч бэлчээрээр таргалах чадвар сайтай байдаг.


-Өвлийг өнтэй давахын тулд малын тарга хүчээ сайжруулах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд зуны дэлгэр цагт малчдын ажил дуусашгүй. Энэ өвлийг хэрхэн давав?

-Зун, намрын отрыг тогтоосон бүс нутагт сайн хийж, малаа дундаас дээш тарга хүч авахуулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ бүрэн хангах нь малын зүй бус хорогдолгүй байх үндэс нь юм. Манай гэр бүлийн тухайд 2000 онд өвөлжөөний хашаа “Үзүүрийн худаг” гэдэг нэртэй өвөлжөө, хаваржааны хашааг өөрийн хөрөнгөөр сэргээн засаж тохижуулсан. Нийтийн эзэмшлийн талбай Цахир булгийн хадлангийн 1 га талбайгаас өөрсдийн хүчээр байгалийн хадлан 5-7 тн, гар тэжээл 0.4-0.6 тн, хужир 1-2 тн-ыг нөөцлөн бэлтгэж ашигладаг нь өвөл, хаврын улиралд малаа онд бүрэн оруулж, 100 хувь бойжуулах үндэс болдог. Бог малын хээлтүүлэгчээ тогтмол ялган тусгаарлаж, хонио гуравдугаар сарын 15-наас, ямаагаа дөрөвдүгээр сарын 1-нээс тус тус төллүүлэхээр зохион байгуулдаг. Ингэснээр байгалийн хүндхэн үеийг малын хорогдолгүй даван туулдаг.


-Малчдын тухайд малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, өрхийн эдийн засгаа нэмэгдүүлдэг. Танай гэр бүлийн тухайд өрхийн үйлдвэрлэл эрхэлж зах зээлд борлуулдаг уу?

-Малын сааль сүү, мах дайвар бүтээгдэхүүнийг үр дүнтэй ашиглах, нутгийн брэнд болгох зорилгоор уламжлалт аргаар хонь ямааны махаар борц хийж зах зээлд гаргахаар ажиллаж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Мал сүргээ жил бүр оторлон таргалуулж, заазлалт хийн, зах зээлд борлуулдаг бөгөөд өөрийнхөө аж ахуйн хэрэгцээнд 1,3 тн мах бэлтгэж, өөрийн эдийн засгийн эргэлтийг сайжруулан ажиллаж байна. 


-Таныг хэд хэдэн залууг малчин болох гарааг нь тавьж малжуулсан гэлцдэг.  Хэчнээн өрхийг малжуулахад өөрийн хүч хөдөлмөрөө зориулав?

-Тийм ээ. Миний хувьд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд тус нэмэр болохсон, ядаж залуу малчдаа бэлтгэж, дэмжихсэн гэж бодож явдаг. Энэ арга туршлага, сурч мэдсэн зүйлээ үр хүүхэд, нутгийн зон олон ах дүүстээ харамгүй хуваалцаж, заавар зөвлөмж байнга өгдөг. Сум орон нутгийнхаа малгүй, амьжиргааны түвшин доогуур зарим иргэнээс туслах малчин авч малжуулж, амьдрал ахуйд нь дэм болж байна. Мөн өөрийн үр хүүхдээ мал маллах арга ухаанд суралцуулан, удам залгах малчин бэлтгэж байгаа. Мал маллах хүн ховордсон энэ цаг үед гурван хүнийг малжуулж малчин болголоо. Өдгөө цөөн малтай нэг малчныг шавь малчнаар авч түрээсээр малаа  маллуулан, төлөөр нь малжуулж байна.


-Малын хорогдолгүй буянт сүргээ өсгөн үржүүлж буй малч ухаанаасаа хуваалцахгүй юу?   

-Мал маллана гэдэг их ухаан байдаг. Миний гол амжилтын үндэс нь зуны дэлгэр цагт өвсний соргог бэлчээрийн сайхныг дагаж отор нүүдэл хийж, хадлан тариагаа өөрөө бэлтгэн хурааж, өвлийг өнтэй даван хавартай золгож, төл бүрийг онд мэнд оруулахыг чармайн ажилладаг. Тухайлбал, бог малаа өдөр бүр хариулж, бодоо өдөр залж, шөнө манж хононо гээд их хөдөлмөр шаарддаг. Мал маллахад, ялангуяа бэлчээр сонгох, цас, гол ус гатлах, салхи жавар сөргөх, бэлчээх, хотлоход нь хүртэл ажигч гярхай байх хэрэгтэй. Байгалийн гамшгийг өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, отор нүүдэл сайн хийсний үр дүнд хохирол багатайгаар даван туулдаг. Миний тухайд сүргийн дотор хээлтэгчийн эзлэх хувийг эх сүрэгтээ зохицуулан жишигт тэнцсэн хээлтүүлэгчээр хээлтүүлгийн ажлаа явуулж, мал төллөлтийн үеийн хөдөлмөр зохион байгуулалтыг сайн хийсний үр дүнд сүүлийн жилүүдэд 100 эхээс 100 хувиар төлөө хорогдолгүй бойжуулж байна.


-Удахгүй Улсын аварга малчин болох ерөөл өргөе. Буянт мал сүрэг тань бум түмээр өсөх болтугай.


相关新闻