Цагаан сарын баяраар гурав хоног хөдөлгөөн хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-08 16:40:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаар энэ сарын 12-15-ны өдөр хүртэл 3 хоног сум хооронд, сумаас аймаг, аймгаас сум хооронд явах хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Дээр дурдсан хугацаанд төрийн албан хаагчид хяналт, эргүүл хийх бөгөөд аймгийн Цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Улаанбаатарт хөл хорионд орсон иргэдээ энэ сарын 8, 9-ны өдрүүдэд татан авахаар болсон байна. Ирэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх, аймгийн Онцгой комисст хүсэлтээ ирүүлсэн байх шаардлагатай.
Цагаан сарын баяраар айл хэсэхгүй, айлчин урихгүй гэр гэртээ байхыг онцгой анхааруулж байна. Өмнөговь аймагт Улаанбаатараас буюу голомттой бүс нутгаас иргэд ирж байгаа, мөн уул уурхайн ээлж солиод удаагүй байгаа тул цар тахлын өвчний нууц үе байх магадлал их, эрсдэл өндөр учраас анхаарал болгоомжтой байх, гэр гэртээ эрүүл ахуйн дэглэмээ баримтлахыг онцгой анхаарууллаа.
相关新闻