Ингэний сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахаар гурван талт цахим уулзалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт тэмээний амьдын үнэлэмжийг нэмэх зорилгоор ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар гурван талт цахим уулзалтыг зохион байгууллаа.
Тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон холбогдох албаныхан Монгол Улсаас Хөх хотод суугаа консул, БНХАУ-ын зарим компанийн удирдлагуудыг оролцуулсан цахим уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар "Нутгийн хишиг" Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ингэний сүү сүүн бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар гурван тал харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Засаг дарга Р.Сэддорж түүхий эд ханган нийлүүлэх бус, аймаг орон нутагтаа ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлж хамтран ажиллахыг онцоллоо.
Ташрамд дуулгахад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар тэмээний лаборатори Өмнөговь аймагт байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн оны жилийн эцсээр 166800 толгой тэмээ тоолуулсан бөгөөд тэмээнийхээ тоогоор улсдаа тэргүүлж байгаа.