Сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-05 13:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, Сар шинийн барилдааныг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст хүргүүлжээ.

 

Энэхүү мэдэгдэлд: Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод зохион байгуулах боломжгүйг УОК-оос зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол Улс тодорхой, оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг бид бүгд мэдэж байна.


Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь монгол түмний сайн сайхны эхлэлийн бэлгэдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэ барилдаанд өндөр ач холбогдол өгдөг. Иймд МҮБХ-ноос Сар шинийн барилдааны талаар 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж, түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байв.


Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод нэмэгдсэнтэй холбоотойгоор барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул уг барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүй зохион байгуулах санал гаргаж байгааг онцолжээ.




相关新闻