Онцгой комисс 37 удаа хуралдаж, 39 шийдвэрийг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-05 10:19:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Онцгой комисс 37 удаа хуралдаж, 39 шийдвэрийг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хийж хэрэгжүүлж буй ажлуудаа онцлон танилцуулав.


Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд шуурхай штаб ажиллан, 5 байгууллагын төлөөлөл албан хаагч 24 цагаар жижүүрлэж, 98009101, 70484067 дугаарын утсаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Эрсдэлт бүлгийн 9385 хүний судалгааг авч нэгтгэлээ. Аймгийн хэмжээнд 5 хүртэлх насны хүүхэд 5605, 65-аас дээш насны хүн 672, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2609, хорт хавдартай иргэн 421, сүрьеэтэй иргэн 44, гемодиалез эмчилгээ хийлгэж байгаа иргэн 6 байна.

Нэгдсэн эмнэлгийн ор дэлгэн ажиллах төлөвлөгөөг шинэчлэн баталж, эхний ээлжинд халдвартын тасгийн  20 ор, дараа нь дотрын тасагт 35 ор, хүүхдийн тасагт 24,  гэмтэл, хөнгөвчлөхийн тасагт 24 ор, мэс заслын 34 орыг  дэлгэн ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд халдварын голомтод ажиллах хүний нөөцийн судалгааг бүрэн гаргаад байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

-Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд Гамшгийн сангаас нийт 195 сая төгрөг зарцууллаа. 

-Тусгаарлан ажиглах байрны зорилгоор Ентүм, Амар зочид буудалтай гэрээ байгуулан ажиллаж байна.

-"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэх үүрэг өгч, 163 аж ахуйн нэгж, байгууллагын 18100 мкв талбайд, нийтийн эзэмшлийн нийт 14000 мкв зам, талбайд халдваргүйтгэлийг Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газраар хийлгэв.

Түүнчлэн гэрийн ажиглалтад 2020 оны 12 дугаар сарын 01-ний  өдрөөс хойш ирсэн 4609 хүнийг авч, эрүүл мэндийн хяналт хийснээс 4337 хүний гэрийн ажиглалтын хугацаа дуусч, одоо 263 хүн гэрийн ажиглалтад байна. 2020 оны 11 дүгээр сарын 6-наас хойш тандалтын зорилгоор 4371 хүнээс коронавирусний халдвар илрүүлэх хамар, залгиурын арчдсын түргэвчилсэн  шинжилгээ, идэвхтэй тандалтаар 540 хүнээс PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.         

Аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцийн судалгааг 7 хоног бүр шинэчлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу үйлчлэх хүрээний хүн амын 1%-д халдвар тархаж, үүний 42% нь хөнгөн, 40% нь хүндэвтэр, 15% нь хүнд 3% нь маш хүнд ангиллаар тооцоход  иж бүрдлийн  хангалт 26.1%-тай байна.


相关新闻