Төрийн бус байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Жил бүр тохиодог “Иргэний нийгмийн өдөр” буюу нэгдүгээр сарын 31-нийг тохиолдуулан Засаг дарга О.Батжаргал аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтыг “Хөгжлийн шийдэл” ТББ-ын Дорноговь аймаг дахь салбараас аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм. Уулзалт төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, санал хүсэлт, хэрхэн цаашид хамтран ажиллах талаар өрнөсөн.
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын холбоо, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, “Итгэл сэтгэл хандлага” ТББ-ууд өөрсдийн ажлын туршлагаа хуваалцсан бол аймгийн ЗДТГ-аас энэ онд төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл хүргэсэн.
Төрийн бус байгууллагууд газар тариалан,
хөдөө аж ахуй, агаарын бохирдол, хог хаягдал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
иргэдэд экологийн боловсрол олгох, нүүдлийн соёл уламжлалыг хадгалах зэрэг
өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэж аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул
дурдав.