"Богд" банк IPO гаргахаа зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан "Богд" банк шинээр хувьцаа гарган олон нийтээс хөрөнгө оруулалт татахаар шийдвэрлэжээ.
Банкны гүйцэтгэх захирал Г.Саруул хэлэхдээ, “Манайх олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгосноор илүү нээлттэй, ил тод хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Ингэснээр компанийн засаглал төгөлдөршиж, банкны үйл ажиллагаанд олон түмнээс хүлээлгэх итгэл батжиж, орчин үеийн шилдэг банк болон хөгжихөд чухал ач холбогдолтой алхам болно гэж үзэж байгаа" гэв.
Нийт хөрөнгийн 20 хүртэлх хувийг нээлттэй болгож, компанийнхаа хэлбэрийг хувьцаат болгон өөрчлөх аж. Ингэснээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаас хойших олон нийтийн өмчлөл бүхий анхны банк болох юм. Тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь "Бодь капитал" компани бөгөөд 91,32 хувийг эзэмшиж байна.
"Богд" банк 2015 онд 44.2 тэрбум төгрөгийн активтай байсан бөгөөд 2019 оны тайлангийн үзүүлэлтээр нийт актив нь 248.8 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2015-2019 оны хооронд актив нь 5 дахин өссөн байна. Татан төвлөрүүлсэн эх үүсвэр нь 2015 онд 26.3 тэрбум төгрөг байсан бол 2019 оны эцэст 194 тэрбум төгрөг буюу 7 дахин нэмэгджээ. Тус банкны татварын дараах ашиг нь 2019 оны байдлаар 2.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2020 оны тайлан нь олон нийтэд хараахан ил болоогүй байгаа аж.
Тус Банкны хувьцааг хөрөнгийн зах зээлд олон нийтэд танилцуулан арилжаалах үндсэн андеррайтераар "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК ажиллахаар болжээ.