Канадад “Novavax”-ийн вакциныг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-03 14:45:29

ОТТАВА. /Reuters/. Канад улс гадаадад гарган авсан коронавирусний вакциныг дотооддоо үйлдвэрлэхийг зөвшөөрсөн эхний гэрээгээ байгууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мягмар гарагт мэдээлжээ.


Ж.Трюдогийн мэдээлснээр, Америкийн “Novavax” компанийн вакциныг Монтреаль хотод үйлдвэрлэх ажээ. Уг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Канадын эрүүл мэндийн байгууллага одоогоор олгоогүй байгаа юм.


"Канадын иргэдийг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар хангахад чухал алхам боллоо" гэж Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлжээ. Гэвч вакцины үйлдвэрлэл ирэх намраас эхлэх тул энэхүү гэрээ нь вакцин худалдан авахыг Засгийн газраасаа шаардаж буй иргэдийн шаардлагыг намжаах төлөвгүй байна.


Их Британид явуулсан туршилтаар вакцин нь 89 хувийн үр дүн үзүүлсний дараа “Novavax” Канадын эрх баригчдад вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Канад мөн “Johnson & Johnson”, AstraZeneca” компанийн вакцинуудад үнэлгээ хийж байгаа юм.


Канадад коронавирусний эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг “Pfizer/BioNTech”, Moderna” компанийн вакцинаар явуулж байгаа боловч тэдгээр компани нь үйлдвэрлэлтэй холбоотой асуудлуудын улмаас нийлүүлэлтээ түр бууруулжээ. Үүнийг Канадын томоохон мужууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хатуу байр суурь баримтлахыг Ж.Трюдод уриалах болжээ.


COVID-19”-ийн хоёр дахь давлагаа үргэлжилж буй Канадад өнөөдрийн байдлаар 783 589 хүн коронавирусээр халдварлаж, 20136 хүн нас барсан байна. 

相关新闻